Posted by: boldsaikhan.com | April 25, 2009

Д.Готов: Сэтгэл санаа өөдрөг үедээ шийдвэр гаргах нь оновчтой гэсэн үг бий

Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд

Source: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=33218

Монгол Улсаас Ка­над улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Готовтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Энэ онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болж байна. Энэ ойн босгон дээр хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг  товчхон тодорхойлно уу?
-Тиймээ. Энэ жил Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Их долоогийн нэг Канад Улс манай оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Манай хоёр орны  улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 онд Канад Улсад хийсэн айлчлалын үеэр  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд явуулахаар тохиролцож, үүний төлөө ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Заримаас дурдвал, Канад Улс манай улсад нийтдээ 250 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж, хоёрдогч том хөрөнгө оруулагч болсон.

Хоёр орны худалдаа 2007 онд 190 орчим сая ам. долларт хүрэв. Өнгөрсөн жилийн үзүүлэлтээр Канад Улс манай экспортын  хоёр дахь,  Монгол Улс Канадын импортын 15 дахь том  түнш болсон. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтад уул уурхайн салбар давамгайлж байгааг манай уншигчид анзаарсан болов уу. Тиймээс бид харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна бусад салбар чиглэлээр өргөжүүлэн тэлэхийг удаах зорилтоо болгон ажиллаж байна.

Энэ утгаараа Монголын экспортын барааны нэр төрлийг олшруулах, хөдөө аж ахуй, соёл, боловсролын чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Манай цэргийн цөөнгүй албан хаагч Канадын цэргийн тусламжийн хөтөлбөрийн шугамаар суралцдаг. Тэрчлэн Канадаас жуулчлан очдог хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа.

Түүнчлэн парламент хоо­рондын харилцаа амжилттай хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Парламентын спикерүүд харил­цан айлчиллаа.

35 жилийн ойн хүрээнд манай Элчин сайдын яамнаас  хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнгийрүүлэх, бие биеэ илүү танин мэдэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тухайлбал, Канадын Бритиш Колумбын Их сургуулиас зохион байгуулж буй Монголын тухай эрдэм шинжилгээний бага хуралд хамтран оролцлоо. Соёл урлагийн хүмүүс солилцох арга хэмжээ хэрэгжүүлж, мөн бололцооныхоо хэрээр суугаа орны сонин хэвлэлээр дамжуулан улс орноо сурталчлах, товхимол хэвлүүлэх зэрэг ажлыг хийж байна. Канадад Монголыг дэм­жигчдийн хүрээг тэлэх талаар ажиллаж байна.

Энэ онд Канад Улс Улаан­баатар хотноо дипломат төлөөл­лийн газраа нээж, суурин ажиллах анхны Элчин сайдаа томилсон нь хоёр орны харилцаанд гарч буй тэмдэглүүштэй үйл явдал юм.

-Хоёр орны уул уурхайн хамтын ажиллагааны сэдвийг хөндөхгүй өнгөрч болмооргүй байна. Жаахан хүлээсэн байдалтай байна уу даа?
-Тийм гэж хэлж болно. Уул уурхай, ашигт малтмалын сал­бар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг бид анхааралтай харж байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдад хүлээлт их байсан. Тэд манай хөрөнгө оруулалтын орчныг тодорхой, тогтвортой байхыг хүсч буй. Манай Их Хурал ойрын үед энэ асуудлыг авч хэлэлцэж, шийдвэр гаргах гэж байгаад хөрөнгө оруулагчид талархаж байна лээ.

Эдүгээ дэлхийд нүүрлээд байгаа санхүү, эдийн засгийн хямралаас болж аж үйлдвэрийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ багасах боллоо. Үүнийг дагаад манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ илт буурсан. Гэвч зэсийн үнэ буурлаа гээд манай тал  хөнгөн хуумгай гэрээ хэлэлцээр байгуулж боломгүй мэт. Харин ч нухацтай хэлэлцэж, ашигт малт­малын үнэ өсөхийг бодолцож шийд­вэр гаргавал оновчтой байх болов уу. Дэлхийн эдийн засаг буцаад сэргэнэ шүү дээ. Харин ч хурдан сэргэх төлөвтэй дэг шүү.

Өмнө нь дэлхийн эдийн засгийн хямралыг хохирол багатай гэтлэн давахад улс орнууд өнөөгийнх шиг олон зуун тэрбум доллараар нь  хөрөнгө гаргаж байсан тохиолдол байгаагүй. “Сэтгэл санаа өөдрөг үедээ шийдвэр гаргах нь оновчтой” гэсэн үг бий. Гэхдээ цаг алдмааргүй байна.

Энд бусад орон Канадтай хэрхэн ажиллаж байгаа нэг бодит жишээ дурдмаар байна. Чили Улсын туршлага юм л даа. Чилийг зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг гэдгийг бид мэднэ. Канад 1970-аад оны сүүлчээс эхлэн Чилид долоон тэрбум гаруй долларын хөрөнгө оруулсны ихэнх нь уул уурхайн салбарт ногдож байна. Хэдхэн сарын өмнө Чилийн Ерөнхийлөгч Канадад айлчлахдаа, зөвхөн түүхий эдийн экспортод дулдуйдсан эдийн засаг хангалтгүй тул мэдлэгт түшиглэсэн эдийн засагт шилжих зорилт тавьж байна гээд Канадтай хамтран ажиллах талаар ярилцаж, зарим тохиролцоо хийсэн.

Тухайлбал, Чилийн Засгийн газар гол төлөв зэсийн экспор­тын орлогоос бүрдсэн зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хүний нөөцийн сан байгуулж, түүний хүүгийн хуримтлал болох  240 сая ам.долларыг Чилийн оюутнуудыг гадаадын орнуудад сургахад зориулах аж. “Манай тал оюут­нуудаа өөрсдийн зардлаар хөгжингүй орнуудад явуулж сургаж байна.

Тэднийг инженер, шинжлэх ухаан, биохими зэрэг салбарт түлхүү суралцуулна. Ингэж гэмээнэ бид мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг бий болгох, тэргүүний технологийг эзэмших, ашиглах үйл явцыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадна” гэж Гадаад хэргийн сайд нь ярьж байсан. Чилийн Засгийн газар  оюутнуудынхаа зардлыг хариуцна гээд Канадын талаас Чилээс авах оюутнуудын тоог эрс нэмэгдүүлж өгөхийг хүссэн. Урт хугацаанд тогтвортой ажиллахын чухлыг эндээс харж болно. Энэ нь Чили газрын баялгаа зөв зохистой ашигласны үр дүн, бас Канадын технологи сайн гэдгийг бодолцсон хэрэг.

Хэдхэн хоногийн өмнө Ка­надын Гадаад хэрэг, олон улсын худалдааны департаментын туслах дэд сайд Монголд айлчлах үеэрээ Канад улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, хууль зүйн зөвлөлгөө өгөх, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон.

Манайх Канадтай уул уурхайн салбарт харилцан ашигтай байх буюу хоёулаа хожих зарчим дээр тулгуурлан хамтран ажиллах нь зүйтэй.

-Цаашдын хамтын ажил­лагагааны төлвийг хэрхэн үзэж байна вэ?
-Би өмнө нь хамтын ажил­лагааны салбар чиглэлийг өргө­жүүлэх талаар анхаарах учиртайг дурдсан. Манай хоёр орны хувьд цаг уур, байгалийн баялаг, өргөн уудам нутаг дэвсгэрээс гадна хүмүүсийнх нь амьдрал ахуй, сэтгэл зүйд адил төстэй зүйлс их бий. Нөгөө талаар, хоёр улсын эдийн засагт уул, уурхай, хөдөө аж ахуй чухал байр суурь эзэлдэг, мөн хоёулаа том хөршүүдтэй. Энэ бүгд бие биеэ харилцан нөхсөн түншийн харилцаа хөгжүүлэх, хоёр орны ард түмний хоорондын халуун дулаан уур амьсгалыг хөхиүлэн дэмжихэд чухал хүчин зүйлс болох нь дамжиггүй.

Цаашид уул уурхайн зэрэгцээ, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж бий. Зарим эхлэл ч тавигдаад байна. Тухайлбал, Канадын газар тариалан өндөр хөгжсөн Саскатчеван мужтай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах  боломжтой. Тус мужийн Их сургуульд 10 гаруй монгол оюутан хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг. Канадчууд хүйтэн бүсэд тарьж ургуулсан төмсийг өргөн хэрэглэдэг. Канадын төмсний эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах, туршлага солилцох талаар тохи­ролцоод байгаа.

Эрчим хүчний салбарын хувьд буцах газардуулгатай нэг фазын цахилгаан дамжуулах шугам хэрэглэдэг технологийг манай хөдөө орон нутгийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системтэй холбоход ашиглавал ихээхэн зардал хэмнэх боломж байгаа. Энэ талаар манай хүмүүс газар дээр нь туршлага судлаад явсан. Энэ сайн хэрэг. Одоо хөөцөлдөж ажил хэрэг болгох хэрэгтэй.

-Та Канадын технологийг нэвтрүүлэх, ашиглах тухайд хэд хэдэн газар  дурдлаа. Энэ талаараа арай дэлгэрүүлж хэлэхгүй юү?
-Канад шинжлэх ухаан, технологийн өндөр потен­циалтай орон. Нэг жишээ хэлэ­хэд, Аме­рикийн сансар судлалын НАСА хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хавар Ангараг гариг дээр буусан “Феникс” хөлөг тус гариг дээр мөсөн үүлнээс цас орж байгаа мэдээг дэлхийд илгээсэн. Энэ нь канадчуудын тухайлбал, Торонтогийн Йоркийн Их сургуулийн эрдэмтдийн удир­дан  зохион бүтээсэн цаг уурын шинжилгээний “Лидар” (лазерийн туяа ашиглан хийсэн радар) хэмээх төхөөрөмж байсан юм.

Ер нь Канадад суурь шинжлэх ухаанаар оюутан сургавал сур­галтын бааз, сургалт их сайн. Манайхаас математикаар  нарийн мэргэжиж, зэрэг хамгаалсан хүн ч байгаа.  Уул уурхай төдийгүй, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний салбарт тэргүүний ялангуяа хүйтэн сэрүүн уур амьсгалтай нөхцөлд тохирсон технологийг манайх авч нэвтрүүлэх боломж бий гэж боддог. Жишээлбэл, канадын модон каркастай орон сууцны бай­шинг манайд нэвтрүүлэх та­лаар хоёр орны холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, загваруудыг барьж туршиж эхэлсэн. Үүнийг барилгын өртөг зардлыг хямдруулах нэг арга.

Орчин үед улс орныг хөгжил дэвшилд хүргэхэд цөхрөлтгүй оролдлого, шургуу хөдөлмөрөөс гадна ухаалаг ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа, тэргүүний технологи гол хөдөлгөгч хүч мөн гэдгийг нэмж хэлмээр байна.

-Хоёр орны харилцаанд гэрэл гэгээтэй зүйл олон байгаа юм байна. Харин бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
-Хоёр орны хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр” байгуулахаар холбогдох яам, газ­рууд ажиллаж байна. Уг хэ­лэл­цээрийн эхний хэлцэл хийгд­­сэн. Үүнийг урагшлуулах шаардлагатай. Хоёр орны хооронд худалдаа 190 сая ам долларт хүрсэн ч нэг чиглэлтэй болон зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Монголын сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд гаргах асуудалыг цаг ал­далгүй хийх ёстой. Одоогоор хувь хүмүүс, жижиг компаниудын хооронд бага хэмжээгээр хийгдэж байна.

Эрэлт хэрэгцээ байгаа мөртлөө зах зээлд нь нэвтрэхэд амаргүй. Маркетингийн нарийн судалгаа хэрэгтэй болж байна. Энэ талаар одоо л зарим байгууллага хүмүүсийн хооронд ажил өрнөх төлөвтэй. Нөгөө нэг хүндрэлтэй асуудал бол  Монгол иргэд Канадын виз авахад багагүй бэрхшээлтэй учирдаг. Энэ талаар холбогдох байгууллага, хүмүүстэй байнга ярьж, асуудал тавьдаг. Хэрэв Канадын ЭСЯ бүрэн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг болох юм бол энэ асуудал хөнгөрөх байх.  Үүнийг тус улсын талаас байнга хүсч байдаг даа.

-Канад нутгаар сонин сай­хан их үү. Саяхан сонгууль болсон. Дэлхий да­хинд бий болоод байгаа хямрал Канадыг тойроогүй байх …
-Тэгсэн. Парламентын сон­­­гуульд эрх барьж байсан Консерватив нам ялсан. Гэвч мөн л цөөнхийн Засгийн газар байгуулах хэмжээний суудал авлаа. Канадын сонгуулийн сур­талчилгааны гол сэдэв нь эдийн засгийн хямралд хэрхэн гүнзгий өртчихгүй байх вэ гэсэн асуудал байсан. Канад хямралын хаялгад өртөж байна. Орон сууцны үнэ унаж, канад долларын ханш суларлаа. 2009 онд цалин, тэтгэврийг өмнө төлөвлөсөн хэмжээгээрээ нэмэх боломжгүй болж байгааг  Засгийн газар нь зарласан.

Ажилгүйдэл нэмэгдэж байна. Тус улсын эдийн засгийн  нэг гол салбар автомашины үйлдвэрүүд хүндхэн байна. Зарим эдийн засагчид Канадын Засгийн газар, Төв банк зээлийн хүүгээ бууруулах бодлого ба­римтлах шаардлагатай хэмээн анхааруулж бичсэн байна лээ. Зээлийн хүүг бууруулснаар үүсч болзошгүй ажилгүйдлийн түвшний уналт, эдийн засгийн өсөлтийн зогсонги байдлыг арил­­гах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, ялангуяа дэлхийн зах зээл дээр аж үйлдвэрийн хэрэгцээний металлын үнэ буурч байгаатай уялдан уул уурхайн компаниудын хувьцааны үнэ уналаа. Гэхдээ Канадын эдийн засаг хямралд гүнзгий өртөөгүй.

Холбооны Засгийн газар, му­жийн удирдлагууд дэд бүтцээ хөгжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь бол­зошгүй хүндрэлээс сэргийлэх хамгийн зохистой арга гэж үзэж байгаа бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй салбар, ялангуяа автомашины үйлдвэрүүдэд санхүү­гийн дэмжлэг үзүүлэх бодлого барьж байна.

-Эцэст нь манай сониноор дамжуулан уншигчдад хэлэх зүйл юу байна вэ?
-Хэдийгээр Монгол, Канад улс бөмбөрцгийн хоёр талд оршдог, хоёр орны харилцаа өргөжиж байгаа ч худалдаа, бо­ловсрол, соёл, аялал жуулч­лал гээд л олон салбарт илүү ихийг хийх бололцоо байна. Бо­лол­цоогоо бодит байдал бол­гоё. Иймд хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөг­жүүлэхэд манай салбарын яам, байгууллагууд, хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо нэн чухал байгааг тэм­дэглэж, хамтран ажиллахыг уриал­маар байна.

Source: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=33218


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

%d bloggers like this: