Posted by: boldsaikhan.com | September 25, 2008

Туйлгүй цаг үед тулхтай бодлого хэрэгтэй

Д.Готов (Канадад суугаа Монгол Улсын Элчин сайд) (2008-09-25)
-ЭЛЧИН САЙД БИЧИЖ БАЙНА-
Бидний ажил амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс дээр өрнөдөг ч одоо цагтаа анхаарлаа түлхүү төвлөрүүлэх учиртай. Амьдрал, хөгжил дэвшлийг тоос татуулан давхиж яваа автомашинтай зүйрлэж болмоор. Автомашин хурдлан давхихад гарсан тоос ямар ч хүчгүй бөгөөд зөвхөн өнгөрснийг илтгэнэ. Харин одоо ажиллаж байгаа хүчит хөдөлгүүрийн ачаар л машин хурдлан давхиж байгаа юм.  Гэхдээ явах зам тодорхой байх ёстой.

Энэ бяцхан зүйрлэл өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлж байгаа болно. Өнгөрсөнд их ач холбогдол өгөх шаардлагагүй  ч туулсан зам болгон туршлага суулгаж, сургамж өгч биднийг өнөөдөрт авчирсан болохоор бас чухал. Нөгөө талаас, одоогийн ажил үйлсээ зөв явуулахын тулд ирээдүйгээ зөв тодорхойлж, том зорилт тавин, хэзээ хаана юунд хүрэхээ мэдэх хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн үүссэн гадаад дотоод нөхцөл байдалд нийцүүлэн, өнөөдрөөрөө амьдрах нь бүр чухал гэдгийг давтан хэлье.

Тэгвэл, өнөөгийн олон улсын харилцааны онцлог шинж бол хүчний туйлгүй харилцаанд шилжиж байгаа явдал хэмээн судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд нэг юмуу хоёр, эсхүл хэдэн том гүрэн биш, харин хэдэн арван улс орон янз бүрийн салбарт давамгайлах боллоо. Давамгайлагч хүчний газар зүйн байршилд ч бас өөрчлөлт орж байна.
Түүх сөхвөл,  ХХ зуун олон туйлт харил­цаагаар эхлэж байсан. Тавиад жилийн дараа буюу  дэлхийн хоёр дайн, бас бус жижиг мөргөлдөөний дараагаар хоёр туйлт тогтолцоонд шилжсэн. Хожим нь хүйтэн дайны буюу ЗХУ задарсны дараа нэг туйлт болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, олон улсын тогтолцоонд  АНУ ганцаар давамгайлах болсон билээ.

Олон туйлт тогтолцооны үед харилцан хамтран ажиллаж болно. Хэдэн томоохон орон нь тоглоомын дүрмийг зохион, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээнэ. Тэдгээр улс орон нь өрсөлдөн,  хүчний тэнцвэршлийг олно.  Тэнцвэр алдагдвал хоорондоо зөрчилдөнө. Ийм л жамтай.
Одоо хүчний харьцаа өөрчлөгдөж, туйлгүй цаг үе эхэлж, олон “толгой”-той болж үүнээс үүдэн зарим бэрхшээлтэй асуудал урган гарах  боллоо. Ердийн олон туйлт тогтолцооноос ялгарах тал нь олон улсын харилцаанд зөвхөн төр засаг төдийгүй, төрийн бус байгууллага, үндэстэн дамнасан корпорац, олон улсын байгууллагуудын оролцоо, үүрэг, нөлөө нэмэгдсэн явдал юм.

Зэрвэс харвал, өнөөгийн дэлхий дахин олон туйлтай байгаа мэт. Голлох гүрнүүд болох АНУ, БНХАУ, Европын холбоо, Энэтхэг, Япон, ОХУ-д дэлхийн хүн амын хагасаас илүү нь амьдардаг бөгөөд  тэдгээр орон дэлхийн ДНБ-ний 75  хувийг  үйлдвэрлэж, батлан хамгаалах зардлын 80 хувийг эзэлж байна. Эдний  зэрэгцээ Латин Америкт Бразил, Аргентин, Чили, Мексик, Африкт Нигери, ӨАБНУ, Ойрхи Дорнодод Египет, Иран, Израйль, Саудын Араб, Ази, Номхон далайд Австрали, Индонез, Пакистан, Өмнөд Солонгос зэрэг бүс нутгийн гүрнүүд байна.  Үүнээс гадна дэлхийн бодлогод оролцож буй НҮБ, ОУВС, Дэлхийн Банк, мөн бүс нутгийн хэмжээний Африкийн холбоо, Арабын Лиг, Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо, тэрчлэн тодорхой салбарын асуудал эрхэлсэн Олон улсын эрчим хүчний Агентлаг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага гэх мэт бий.

Гэвч АНУ  цорын ганц их гүрэн хэвээр байгаа бөгөөд дэлхийн ДНБ-ний 25%-ийг дангаараа үйлдвэрлэж байна. Гэхдээ  энэ улсын эдийн засаг  тогтворгүй,  валютын ханш нь суларсаар байна. Европын холбоо  ДНБ нь АНУ-ынхаас одоо давж байгаа ч, дэлхийн их гүрний хэмжээнд нэгдсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Дэлхийд хоёрт жагсах том эдийн засагтай Япон улсын хувьд хүн ам нь насжиж, улс төрийн хувьд  их гүрний үүргийг гүйцэтгэхэд учир дутагдалтай байгаа юм. ОХУ-ын хувьд хүн амын өсөлт нь багасч, дотоод зөрчил, сорилт ихтэй байгаа.

Туйлгүй харилцаанд шилжих болсон нь зөвхөн АНУ-ын эдийн засаг суларч, бусад орны хүч чадал нэмэгдэж байгаагаас шалтгаалсан бус, харин глобальчлалын үр дүн хэмээн үзэх нь илүү оновчтой болов уу. Глобальчлал нь хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүний хэмжээ, урсгал, ач холбогдлыг эрс нэмэгдүүлж, туйлгүй байдлыг дэвэргэх болов. Тухайлбал, хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүний урсгал төр, засгийн хяналтаас гадуур, тэдгээрт төдийлөн мэдэгдэхгүйгээр явагдаж байна. Нөгөө талаас энэхүү урсгал нь төрийн бус үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж байгаа юм. Жишээ нь эрчим хүчний экспорт, банкны гүйлгээ, Интернетийн үйлчилгээ  гэх мэт.
Цаг үе бүхэн давуу тал, сөрөг үр дагавартай байдаг. Иймээс өнөөгийн бидний аж төрж буй “туйлгүй” хэмээн тодорхойлж болох цаг үед хэд хэдэн сорилт бэрхшээл нүүрлээд байгаагийн заримаас дурдъя.

Газрын тосны үнийн хөөрөгдөл
1970-аад оны эхээр  газрын тосны үнэ дөрөв дахин өсч дэлхийг зогсонги байдалд оруулах шахсан. Арабын орнуудын тавьсан хориг олон оронд нөлөөлж, бодлогоо өөрчлөхөд хүргэсэн. Жишээ нь Америкт автомашины шатахуун зарцуулалтын стандарт тогтоон мөрдөх, Францад цөмийн эрчим хүчийг ашиглахад хүргэсэн юм.

Үүнээс 35 жилийн дараа өнөөдөр газрын тосны үнэ дахиад дөрөв дахин өсөв. Хэрэв арабын орнууд газрын тосон “зэвсгээ” хэрэглэх юм бол байдал улам  дордох нь дамжиггүй.  Энэхүү үнийн хөөрөгдлөөс үүсэх дарамтыг багасгах арга хэмжээг улс орнуудад авч байна. Саяхан Францын загасчид энэ байдлыг эсэргүүцэж,  Ерөнхийлөгч Н.Саркози үнийн хөөрөгдөлд ихээхэн өртөгдөж байгаа салбарт татаас олгох, газрын тосны татварыг хязгаарлах шийдвэр гаргав. Их Британийн ачааны машины жолооч нар автомашин эзэмшигчдэд ногдуулдаг татварыг нэмэгдүүлэхээ болихыг Засгийн газраасаа  шаардав. АНУ-д орон сууцны үнэ буурч байгаа нь мөнгөний хомсдолд оруулав. Америкийн конгресс болон ерөнхийлөгчид нэр дэвшигчид шатахуунд ногдуулдаг татвараа багасгах, чөлөөлөх хуулийн төсөл санаачилж байна. Британийн Ерөнхий сайд Гордон Браун томоохон газрын тос олборлогчид л үүсээд байгаа үнийн хөөрөгдлөөс дэлхийг аварч болох юм гэж үзэж, уриалав. Энэ талаар зөвхөн Саудын Араб л идэвх санаачилгатай ажиллаж байна.

Удаашрах төлөвтэй “шок”-ыг өнөөдөртөө сөрөх боломжгүй байгаа ч цаашдаа зогсолтгүй үйл явц болгочихгүйн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.  Газрын тосны үнийн өсөлт ядуу, баян аль  ч   орны эдийн засгийг туйлдуулж байна. Иймд   зохицуулалтыг Засгийн газар шуурхай хийж байх нь чухал. Дэлхийн хүн амын тэн хагас нь газрын тосны үнийн өсөлтөөс татаас авч хамгаалагдсаар байгаа тул үнийн өсөлтийг мэдрэхгүй хэрэгцээгээ нэмэгдүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн газрын тосны  дөрөвний нэг нь зах зээлийн үнээс доогуур борлогдож байгаа юм. Венесуэлд хамгийн хямд буюу  литр нь таван центийн үнэтэй байхад Герман, Их Британид 2,35 доллар байна. Зах зээлийн үнэ, түгээлтийн үнэ хоёрын ялгаа улам бүр ихсэж, татаасны хэмжээ нэмэгдсээр. Онолын хувьд, түүхий тосны үнэ нэмэгдэхэд эрэлт буурах ёстой. Гэтэл дотоодын үнээс шалтгаалаад эрэлт буураагүй учир зах зээлийн үнэ нэмэгдсээр байлаа.
Хөгжингүй орнуудад газрын тосны татварыг багасгаж байгаа ч энэ нь үр нөлөө бага. Эрэлт, нийлүүлэлтийн хууль богино хугацааны хувьд бодитой үйлчилдэггүйг 1970-аад оны үйл явдал харуулж, нөөцлөлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн.

Сүүлийн үед автомашины үйлдвэрүүд технологоо өөрчилж, цахилгаанаар ажилладаг автомашин хийхийг шамдах   боллоо.  Хөгжингүй орны иргэд ч автомашин хөлөглөхийн оронд нийтийн тээврээр зорчих, шатахуун бага зарцуулдаг автомашин, тэр ч байтугай  мотортой дугуй худалдан авч хэрэглэх нь нэмэгдэж байгаа талаар гадны хэвлэлд бичиж байна.

Өнгөрсөн жил хөгжингүй орнуудын газрын тосны хэрэглээ буурсан байтал дэлхийн нийт хэрэглээ өссөн нь түргэн өсөлттэй эдийн засагтай орнуудын хэрэглээ эрс нэмэгдсэнээс болжээ. Одоогийн үнийн өсөлт дэлхийн хэрэглээнд бага нөлөөлнө гэсэн таамаглалыг мэргэжилтнүүд хийж байна. Нөгөө талаас Засгийн газраас олгож байгаа шатахууны татаас нь хүн амын ядуу давхрагад хүртэхгүй,  баян чинээлэг хэсэгт л дэмжлэг болж байгаа юм. Газрын тосны үнэ эрс нэмэгдсэнээс хэрэглэгчид ирж буй дарамтын дийлэнхийг  Засгийн газар, төрийн өмчийн компаниуд үүрч байна. Малайз улс   газрын тосны татаасны хувьд дээгүүр ордог бөгөөд ДНБ-нийхээ  долоон хувийг үүнд зарцуулж байна. Вьетнам энэ оны эхний таван сард  500 сая ам долларын татаас олгосон нь улсын төсвийн нь зургаан хувийг эзэлж байна. Түргэн хурдацтай өсч байгаа  эдийн засаг бүхий Хятад, Энэтхэгт төрийн өмчийн болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг  компаниуддаа ихээхэн татаас олгодог. Хятад улс Олимп өнгөртөл жижиглэнгийн үнээ нэмэхгүй байх бодлого барьсан.

Газрын тосны үнэ яагаад өсөв?
Дэлхийн улс хоорондын харилцаа, эрх мэдэл, бэл бэнчин, бодлого үйл ажиллагаанаас шалтгаалан газрын тосны үнэ хэлбэлзэж байдаг болохоор түүнийг “улс төрийн бараа” буюу “зэвсэг” хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн  долдугаар сарын дундуур нэг баррель түүхий газрын тосны үнэ 147 ам доллараас давж байснаа  сүүлийн үед бага зэрэг буурлаа.   Газрын тосны үнийн өсөлт нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн учир шалтгаантай, хөөрөгдлийн шинжтэйг судлаачид тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг өсч, эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн, Нигери, Иран, Венесуэл зэрэг газрын тос экспортлогч гол орнууд болон Пакистан, Кени, Хойд Солонгост үүссэн улс төрийн нөхцөл байдал, америк долларын ханшийн сулралт, ОПЕК-ийн орнуудын бодлого, байгаль, цаг агаарын хүчин зүйлс зэрэг олон шалтгааны улмаас газрын тосны үнэ өссөн.

Хэрэв 1960-аад оны үед дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцийн 85 хувьд олон улсын компаниуд шууд нэвтрэн олзворлох боломжтой байсан бол өнөөдөр энэ хувь дөнгөж долоо болж, ихэнх эрх мэдэл үндэсний компаниудад шилжсэн нь үнэ өсөхөд мөн нөлөөлжээ.
Үнийн өсөлтийн бас нэг шалтгааныг ОПЕК-ийн нөлөө багассантай холбон тайлбарлаж болох талтай. ОПЕК-ийн орнууд одоо өдөрт 36 сая баррель газрын тос үйлдвэрлэж байна. Газрын тосны үнэд ОПЕК урьдын адил хүчтэй нөлөө үзүүлж чадахаа  больжээ. Тухайлбал, 1980-аад оны дундуур ОПЕК-ийн гишүүн орнууд өдөрт 10 сая баррель газрын тос хүчин чадлаасаа илүү үйлдвэрлэх боломжтой байсан бол 2007 оны жилийн эцсийн байдлаар зөвхөн 2,5 сая баррелийг  илүү үйлдвэрлэсэн нь дэлхийн хэрэгцээний дөнгөж гурван хувьтай л тэнцэж байгаа юм.

Хөрөнгө оруулагчид бирж, бондын зах зээлээр дамжуулан газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлж байгааг ч хэлэх  хэрэгтэй болов уу. Үнийн өсөлтөд улс төр, дамын худалдаа нэрмээс болж байгааг  ОПЕК-ийн Ерөнхийлөгч ноён Чакиб Келил саяхан тэмдэглэсэн ба дэлхийд газрын тосны хомсдол нүүрлээгүй учир нийлүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх шаардлагагүй гэж энэ байгууллага үзэж байна.
2002 оноос хойшхи хугацаанд газрын тосны хэрэглээний өсөлтийн 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байгаа ажээ. Нэг өдрийн хэрэгцээг авч үзвэл Хойт Америк – 25,6, Баруун Европ – 15,4, Ази /Хятад оролгүй/ – 9,0, Хятад – 7,6, Ойрхи Дорнод – 6,5, Өмнөд Америк – 5,4, ОХУ – 3,95, Африк – 3,1 сая баррель тус тус байна.

Одоо өдөрт 87 сая баррель байгаа түүхий газрын тосны нийлүүлэлт 2030 онд 116 сая баррельд хүрнэ гэсэн тооцоогоо Олон улсын эрчим хүчний агентлаг эргэн харахад хүрэв.
Газрын тосны үнэ ийнхүү нэмэгдсээр байхад эрчим хүчний хэрэглээ багасахгүй байгаа нь хэрэглэгчид түүнийг илүү үр ашигтай байдлаар хэрэглэх болсон, Хятад, Энэтхэг, Венесуэл, Саудын Араб, Иран зэрэг орон дотооддоо татаас өгч, эрчим хүчний үнийг барьж байгаа зэрэгтэй холбоотой.
Канад улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд Саудын Арабын дараа  ордог ба нийт 175 тэрбум баррель газрын тосны  нөөцтэй  гэсэн тоо байдаг.

Ерөнхий сайд С.Харпер саяхан өгсөн ярилцлагадаа дэлхий нийтэд шатахууны үнэ өсч байхад Канадын Засгийн газар дотооддоо үнийг барих  боломж бараг байхгүй. Харин бараа, үйлчилгээний татварыг сүүлийн жилүүдэд хоёр хувиар багасгасан нь үнийн түвшинд нааштай нөлөөлсөн, түүнчлэн шатахууны үнэ  литр нь 0,85 доллараас давсан хэсэгт худалдааны татвар авахгүй байх, үнэд багтсан бусад татвар, илүү зардлыг үгүй болгох арга хэмжээ авна гэж мэдэгдэв.  Канадчууд шатахууны хэрэглээгээ аль болохоор багасгахад анхаарч байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард гэхэд л шатахуун бага зарцуулдаг, жижиг оврын автомашины худалдаа 19 хувиар нэмэгдэв.


Responses

  1. huchnii tentsweriin talaar maash todorhoi medeelel awch boloh uu?


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

%d bloggers like this: